Японд Жолооны Үнэмлэх Солиулсан минь...

Юуны өмнө миний блогийг сонирхон уншиж байгаа танд талархаж байгаагаа илэрхийлж байна...
Нэг найз маань намайг ямар ч хамаагүй блог бич гэж зөвлөсний дагуу би ямар ч хамаагүй блог бичье гэж аль дээрээс бодсон боловч ямар сэдвээр бичихээ мэдэхгүй байсаар өдийг хүргэчлээ. Тэгээд саяхан өөртөө тохиолдсон юмыг бусаддаа сургамж болгож бичвал зүгээр юм болуу гээд энэ блогийг бичихээр зориг шулуудлаа. Тухлан сууж таалан болгооно уу!

Гарчигнаас нь хараад юуны тухай бичих гэж байгааг минь таасан байх гэж бодож байна. Японд Монгол Улсын жолооны үнэмлэхээ яаж солиулах, ямар шалгалт өгдөг, шалгалтаа яаж олон дахин өгч мөнгөө үрэлгүй давах талаар зөвлөгөө маягийн юм бичье гэж оролдлоо ямар болсон талаар та бүхэн сэтгэгдлээ хуваалцаарай. За олон юм нуршилгүй шууд гол сэдэв рүүгээ оръё доо.

Япон гэдэг оронд ирээд жил шахуу болвоо. Тэгээд ийш тийшээ гарах гэхээр над шиг жижигхэн хотод амьдарч байгаа хүнд машингүй бол хөлгүйтэй л адил гэдгийг ойлголоо. Тэр тусмаа нялх хүүхэдтэй бол бүр ч хэрэгтэй эд юм байна. Тэгээд хөл дүүжлэх унаа авахаар сэтгэл шулуудав. Ийш тийшээ таньдаг хүн хар, найз нөхөд рүүгээ утасдлаа, асууж сураглалаа, бас интернет сайт ухаж Япон улсад машин барихад юу хэрэгтэй, яаж шалгалт өгдөг, шалгалтыг хэрхэн давах талаар чамгүй судалгаа хийв.
Монгол хүн Японд машин барихын тулд Монгол улсын жолооны үнэмлэхээ шалгалт өгч солиулах шаардлагатай юм байна. Монголын жолооны үнэмлэх байхгүй хүн бол бүр шинээр авах шаардлагатай байх. Тэр нь нилээн хэцүү бөгөөд үнэтэй байх гэж бодож байна.
Зарим найз маань Олон улсын жолооны үнэмлэхээр энд барьдаг гэж надад хэлж байсан л даа. Гэхдээ өөр хүмүүсээс сонсоод байхад урд нь Японд орж ирснээс хойш 1 жилийн хугацаанд Олон Улсын жолооны үнэмлэхээр барьж болдог байсан, харин одоо бол ерөөсөө бариулахаа больсон юм гэсэн шүү. Би гэхдээ хүнээс сонссоноо л бичиж байна. Японы цагдаа нар нээх зогсоож шалгадаггүй болохоор л бариад яваад байгаа байх, нэг зогсоовол тэгээл асуудалд орох байх даа.
Шинээр авахад яадгийг нь мэдэхгүй болохоор солиулахад яах ёстойг л бичье.
Үнэмлэх солиулахын тулд дараах бичиг баримтуудыг бүрдүүлж өөрийн амьдарч байгаа мужийн(Кэн) Жолооны Үнэмлэх Олгох Газар гэхиймуудаа тийм газар очно(Ийм байгууллага Японы Муж болгонд 1 юмуу 2 байдаг байх, миний хувьд Сайтама мужийн Кооносу гэдэг газар очсон).
  • Монголын жолооны үнэмлэх
  • Жолооны үнэмлэхний орчуулга(Монгол Улсын Элчин рүү бичиг баримтуудаа явуулаад орчуулуулаад авчдаг. Эхлээд утсаар нь ярьж лавлахгүй бол бас будилнаа. Элчингээс гадна JAF(Japanese Automobile Federation) газраар бас орчуулга хийлгэхийг зөвшөөрдөг юм байна лээ гэхдээ жаахан үнэтэй 3000 орчим Иэн)
  • Гадаад пасспорт(Зарим хүмүүс пасспорт нь дуусаад шинэ пасспорт авсан байдаг, тийм хүмүүс хуучин пасспортоо бас авч очихыг зөвлөж байна. Учир нь Жолооны үнэмлэх авахдаа монголд байсан эсэхийг шалгах зорилгоор орсон гарсан визнүүдийг тулгаж байсан. Надтай цуг өгөх гэж байсан манай сургуулийн Шри-Ланк оюутан хуучин пасспорт нь байхгүй гээд тэр өдөр шалгалт өгч чадаагүй.)
  • Түр оршин суугчийн үнэмлэх(Тоорокүшё)
  • Түх орчин суугчийн үнэмлэхний баталгаа(ШиЯкүШогоос авна)
  • 2 хувь цээж зураг(2.4см х 3см хэмжээтэй, 3х4 байхад болно)
  • Мөнгө
Эдгээр бичиг баримтуудыг бүрдүүлээд нөгөө газар руугаа анх удаа шалгалт өгөхөөр явсан даа. Миний хувьд Сэнпай маань надад ямар бичиг баримт хэрэгтэй талаар хэлж өгсөн болохоор төвөггүй байсан.
Японд механик, автомат хроптой(трансмишн) машинууд нь тусдаа үнэмлэхээр барьдаг юм байна лээ. Миний хувьд автомат машин барих үнэмлэхийг нь авсан. Механикийн шалгалт нь арай хэцүү байж магадгүй.
Зарим хүнээс асуухад 2 дохоороо тэнцсэн гэдэг л юм. Харин би лав амьхандаа л их хичээж, энэ тэндээс янз бүрийн мэдээлэл цуглуулсан мөртөө л 3 унаад 4 дэх дээрээ нэг юм тэнцсэн дээ. Надтай цуг тэр өдөр тэнцсэн нэг Турк залуу 16 дахь удаагаа өгч байж тэнцлээ гээд хээвнэг зогсож байж билээ. Шалгалт нь хүн хийж ядаад байхаар тийм хэцүү юм огт байхгүй, гол нь жаахан ядаргаатай гэхиймуудаа Япончууд өөрсдөө робот шиг хүмүүс болохоороо яг өөрсөд шигээ байхыг л шаарддаг нь хэцүү санагддаг юм шиг байгаан. Гэхдээ тэр тавьж байгаа шаардлагуудыг нь хараад байхаар нээх буруу ч юм бас байхгүй байгаам шүү. Ер нь аваар осолгүй сайхан машин барья гэвэл шаардлагуудыг нь цаг ямагт биелүүлсэн нь л дээр юм гэж хувьдаа бодоод байгаа.
Солиулах шалгалт өгөхөд дараах зүйлүүдийг анхаарвал зохино гэж би өөрийн туршлага дээрээ тулгуурлан бодсон юм. Үүнд:
  1. Дүрмийн шалгалт өгөхдөө энэ хаяг руу ороод бөглөөд үзээрэй. Бараг энэ асуултууд л ирнэ дээ.
  2. Урд нь шалгалт өгч байсан хүмүүс юун дээр унасан гэдгийг асууж, тэр алдааг давтахгүй байх дээр анхаарах. Хүн болгон өөр юман дээр алдсан байдаг болохоор аль болох олон хүнээс асуугаарай.
  3. Жолооны шалгалт өгөхөөсөө өмнө дром дээгүүрээ явган явж үзэх. Шалгалт өгөх гээд очсон үед тийм хугацаа гарна.
  4. Цагдаагийн шалгалт өгөхөөс өмнө хэлсэн анхааруулгуудыг нэгд нэгэнгүй биелүүлэх. Зарим үед нэг үйлдлийг дэндүү олон давтах тохиолдол гарна. Тэр болгоныг хийлгүйгээр за гайгүй биз гэвэл тэнцэхгүй гэж мэдээрэй.
  5. Жолооны шалгалт өгч байхдаа яг л робот шиг үйлдэл болгоноо зөв, хянамгай, дүрмийн дагуу хийх. Жишээ нь эгнээ өөрчлөх, эргэлт хийх бүрийн өмнө заавал дунд толь, аль эргэх талын хажуугийн толиндоо харахаас гадна толгойгоо мөрөн дээгүүрээ эргүүлж аль эргэх тал руугаа хойшоо эргэж харах нь хамгийн чухал.
  6. Гол нь яарч сандрахгүй, аажуу тайван байх. Шалгалт өгдөг дром нь хотын замаас ч илүү ойрхон ойрхон олон эргэлттэй, анхаарал шаардсан байдаг ба шалгалт өгч байгаа өөр зөндөө машинууд энд тэндээс гарч ирэх нь бий.
  7. JAF-аас гаргасан 1000 иений үнэтэй дүрмийн номыг олж авбал зүгээр. 5 янзын хэл дээр байдаг санагдаж байна.
  8. Японы зам нарийхан, унадаг дугайтай хүн их, бусад жолооч нар дүрмээ ягштал барьдаг учраас монголд машин барьдгаас илүү хянамгай, дүрмээ барих шаардлагатай.
Маршрутын дагуу яаж явах вэ гэдгийг нэгд нэгэнгүй тайлбарыг үзэхийг хүсвэл дараагийн бичлэгийг үзээрэй.

Comments

  1. Сайн байна уу , япон дахь жолооны шалгалт өгөх 2 зааварчилгаа, хичээл үзлээ, маш их таалагдлаа , баярлалаа.

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Дром Дээр Шалгалт өгөх...

Гадаадад сурч, ажиллаж, амьдарч байгаа найз нартаа хандаж хэлэхэд...